Франц улс Европын холбооны эрх баригчдын дээд хэмжээний уулзалтыг нутагтаа хүлээн авч байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү ээлжит дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх гол сэдэв нь Украинд хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт чиглэж байна. Харин Украиныг Европын холбоонд гишүүнээр элсүүлэх тал дээр нааштай шийдвэр гарахгүй болов уу гэж олон улсын хэвлэлүүдэд онцолжээ.

Европын холбооны орнууд Оросын эсрэг өмнө нь авч байгаагүй хамгийн хатуу эдийн засгийн хориг авахад нэгдмэл байр суурьтай хандаж байгаа хэдий ч Украиныг Европын холбоонд нэгтгэхэд хэр хурдан хөдөлж чадах, холбооны 27 гишүүн улс Оросоос эрчим хүчний харилцаагаа бүрэн таслах уу гэдэг дээр саналын зөрүүтэй байгаа. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский улс орноо Европын холбоонд аль болох хурдан оруулахыг чармайж байна. Гэвч Европын холбоо энэ удаагийн уулзалтаар энэ талаар тодорхой шийдэлд хүрэхгүй болов уу гэсэн таамаг нь давамгай байна. Хамгийн сайндаа л Европын холбооны эрх баригчид Украиныг эгнээндээ нэгтгэх хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлэхээс биш гишүүнчлэх үйл явцыг түргэсгэх дээр санал нэгдэж чадахгүй гэж Өрнөдийн гол хэвлэлүүд онцолж байгаа юм. Украиныг түргэвчилсэн горимоор Европын холбоонд элсүүлээч гэсэн хүсэлтийг Зүүн Европын орнууд дэмжиж байгаа. Гэхдээ Европын холбооны эрх баригчид Украиныг эгнээндээ нэгтгэж, элсүүлж авахыг одоогийн гишүүн орнууд санал нэгтэй дэмжихэд олон жил шаардагдана гэсэн байр суурьтай байна.

Тухайлбал, Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте Версалийн ордонд ирэхдээ Украиныг Европын холбоонд элсүүлэх үйл явцыг түргэсгэх боломжгүй гэж Украины Ерөнхийлөгч Зеленскийд хэлсэн байна. Европын холбоо яаран шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх өөр нэг хүчин зүйл нь гишүүн улс нь гадны түрэмгийлэлд өртсөн нөхцөлд Европын холбооны бусад гишүүн орон өөрт байгаа бүхий л арга хэрэгслээр түүнд туслах үүрэгтэй гэсэн гэрээний заалт байдаг юм байна. Версалийн энэхүү дээд уулзалтаар Оросоос эрчим хүчний хамаарлаа хэрхэн бууруулах вэ, бүс нутгийн батлан хамгаалах хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн 2 том сэдвийг авч хэлэлцэж байна. Мөн Орос болон түүний холбоотон Беларусийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах нэн ялангуяа дэлхийн санхүүгийн гүйлгээнд давамгайлдаг Свифт системээс бүх банкийг нь хасах зэрэг асуудлыг Версальд хэлэлцэх юм. 

 

 

 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement