ОХУ “найрсаг бус харилцаатай” гэгдэж байгаа орнуудад экспортолсон байгалийн хийн төлбөр тооцоог зөвхөн рублиэр авахыг тус улсын ерөнхийлөгч Путин засгийн газрынхаа  хуралдааны үеэр даалгажээ. Тэрбээр Өрнөдийн улс орнууд гадаад валютын нөөцийг нь битүүмжилсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэж байна хэмээн тайлбарласан байна.

Кремлийн тэргүүний мэдэгдсэнээр, ОХУ өмнө нь байгуулсан гэрээнд заасан хэмжээ, үнийн дагуу бусад улс орнуудад хийх нийлүүлэлтээ хэвийн үргэлжлүүлэх аж.

Харин нөхөрсөг бус харилцаатай орнуудад нийлүүлдэг байгалийн хийн төлбөрийг Оросын рублиэр авах шийдлийг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ. ОХУ өөрт нь хориг арга хэмжээ авсан улс орнуудыг "нөхөрсөг бус харилцаатай улс орнууд" гэсэн ангилалд багтааж байгаа.

"Европын холбоо, АНУ-д нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний төлбөрийг доллар, еврогоор авах нь утгагүй" гэж Путин тэмдэглээд, холбогдох дүрэм журмыг долоо хоногийн дотор боловсруулахыг төв банк болон засгийн газартаа даалгажээ.

Оросын Украинд явуулж байгаа цэрэг, дайны ажиллагаатай холбогдуулан Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг олон талын хориг арга хэмжээ зарласан. АНУ Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавиад байгаа. Европын орнууд ирээдүйд Оросын газрын тос, байгалийн хийг худалдаж авахгүй байх арга шийдлийг хайж байна.

Түүнчлэн АНУ, Европын холбоо, түүний холбоотон түнш орнууд санхүүгийн системээсээ Оросын банкнуудыг салгаснаар Оросын 300 гаруй тэрбум долларын нөөц битүүмжлэгдээд байгаа юм.

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement