Дэлхий даяар мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар төдийгүй аж үйлдвэр, нийгмийн бүхий л салбаруудад хамааралтай нэгэн шинэ тренд үүсээд багагүй хугацаа өнгөрчээ. Тийм ээ, энэ бол 5G технологи.

5G бол өнөөгийн бидний хэрэглэж буй өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн 4G/LTE үйлчилгээний дараагийн буюу 5 дахь үе юм. Хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийн хувьд дараах давуу талуудыг нь онцолж болно.

  1. Хэт өндөр хурдны өгөгдөл дамжуулалт
     
  2. Өгөгдөл дамжуулах асар их хүчин чадал  
     
  3. Өгөгдөл дамжуулалтын асар бага хоцрогдол зэрэг юм.

Ийм ч учраас 5G технологи нь дэлхийн өнцөг булан бүрд асар их хүлээлт, найдварыг үүсгээд байгаа билээ.

 

Гэвч энэхүү “Мөрөөдлийн технологи”-ийг бодит амьдралд нэвтрүүлэхийн өмнө нэлээдгүй олон асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэдгийг өндөр хөгжилтэй орнууд аль хэдийнээ харуулаад байна.

Тацуяа Хамада

Юуны өмнө 5G технологийг аль хэдийн нэвтрүүлсэн Япон, АНУ, БНХАУ, Их Британи, Европын орнуудад ажиллаж, туршлага хуримтлуулсан хүний нүдээр харахад 5G нэвтрүүлэх төлөвлөгөө, хамрах хүрээний тэлэлт, 5G үйлчилгээний үнэ тариф гэх зэрэг маш олон сорилтууд бэлхнээ ажиглагдаж байсан юм.

Гэхдээ үүнээс илүү хамгийн чухал сорилт бол 5G үйлчилгээний зах зээлийн эрэлт хэрэгцээ бодит амьдрал дээр хараахан дэлгэрээгүй байгаа явдал билээ. Харамсалтай нь КОВИД-19-ийн тархалт ч мөн энэхүү технологийг зах зээлд нэвтрүүлэх явц, хэрэглээний өсөлтөд сөргөөр нөлөөлж байна.

Маш олон үүрэн холбооны операторууд болон үүрэн холбооны дэд бүтэц үйлдвэрлэгч компаниуд хамтран, тухайн орныхоо засгийн газруудынхаа тусламжтайгаар 5G технологи, түүний давуу талуудыг сүр дуулиантай танилцуулсан нь саяхан. Гэвч 5G технологийн олгох төгс шийдлүүдийг хангалттай бүрэн хэмжээнд ашиглахад масс хэрэглэгчийн зах зээл бэлэн биш байгаагаас гадна уг технологийг ашиглаж, үйл ажиллагааны үр өгөөжөө нэмэгдүүлэх бизнесийн салбарууд ч хараахан хөгжиж амжаагүй байгаа нь гол асуудал болоод байна.

Өнөөгийн нөхцөлд зах зээлийн голлох хэрэглээ нь ердөө л мэдээ, мэдээллийг өндөр хурдаар татаж авах хэмжээнд байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл 5G-д түшиглэсэн инновацилаг, шинэ соргог, дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээ масс хэрэглэгчийн зах зээлд нэвтрэх цаг ирээгүй байна гэсэн үг.

5G технологи хэрхэн ажилладгийг тайлбарлахын тулд хэрэглэгч танд зарим технологийн үзүүлэлтүүдийг онцлон танилцуулах нь зүйтэй.

Өмнө дурдсанчлан асар өндөр хурдаар өгөгдөл дамжуулах чадвар дээр эхлээд төвлөрье. Бидний өдөр тутамдаа ашиглаж буй 4G/LTE технологи нь 100 Mbps-ээс хамгийн ихдээ 1 Gbps хооронд мэдээлэл дамжуулах хурдыг үзүүлэх чадалтай байдаг. Харин Мобикомын хувьд ондоо түвшний хэд хэдэн радио долгионы давтамжийг нэгтгэх технологи ашиглан, туршилтын орчинд 220 Mbps хүртэл хурд гарган авсан. Мэдээж хэрэг бодит байдал дээр маш олон хэрэглэгч нэгэн зэрэг 4G/LTE ашигладаг тул дундаж хурд нь ойролцоогоор 20Mbps болж буурдаг. Харин 5G технологийн хувьд 4-20Gbps хүртэлх хурдыг үзүүлэх боломжтой ба энэ нь 4G/LTE технологиос даруй 10 дахин хурдан гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэгээс хоёр цагт татдаг киног ердөө хэдхэн минутад татах боломжтой болох учиртай.

 

 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement