"Орфей" театрын 3 дахь уран бүтээл "Опал" саркастик мелодрамын жүжиг үзэгчидтэйгээ уулзахад бэлэн боллоо. 

Ор өмнө нь "Гэм Зэм" болон "Фауст" жүжгүүдээр та бүхэнтэй уулзаж байсан бол энэ удаад Бродвей театрын алдарт бүтээлээр үзэгч та бүхэнтэй уулзахад бэлэн боллоо.

“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Broadway” театрын алдарт бүтээл болох эл жүжгийг “Фауст”, “Гэм зэм” жүжгээр шуугиан тариад амжсан Мягмарнарангийн Батболд найруулж байна.

Тус жүжгийн гол дүрийг соёлын тэргүүний ажилтан, тайз, дэлгэцийн жүжигчин О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж бүтээж буй гэдгээрээ онцлогтой. Ийнхүү тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирж байна. Мөн энэхүү жүжигт Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Н.Онон, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Т.Ариунчимэг болон Э.Чинзориг, Т.Сэргэлэн гэсэн нийт долоон жүжигчин дүр бүтээж буй бөгөөд тэд нэгэн тайзан дээр хоршин тоглох нь ээ.

Мөн тус жүжгийн ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, хувцасны дизайнераар О.Булган, ассистент найруулагчаар С.Тэмүүжин, туслах найруулагчаар Ц.Энхтуяа, зөвлөхөөр Гэри Биондо, гүйцэтгэх продюсероор Ж.Энхзаяа, хэвлэлийн төлөөлөгчөөр Э.Булган ажиллаж байна.

“Орфей” театр энэхүү бүтээлээрээ өнөө цагийн хүмүүст хамгийн ихээр дутагдаад байгаа итгэл найдвар, өөдрөг үзэл, уужуу сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний сэтгэл зүрхийг хайраар дулаацуулахаар зорьж буй аж. Мөн өмнөх бүтээлүүдээс өнгө аяс агуулгын хувьд өөр, харьцангуй бага орон зайд, цөөн үзэгчдэд тоглож, үзэгчид тайз хоёрыг нэг дор оршоож, амьд театрын гайхамшгийг харуулахыг зорьж байна.  Түүнчлэн тус театрын хамт олон энэхүү жүжгээ Монголд ажиллаж, амьдарч буй олон улсын үзэгчдэд зориулж, аравдугаар сарын 10-нд англи орчуулгатайгаар тоглохоор зэхэж байна.

Эл жүжгийн зохиолч Жон Патрик амьд ахуйдаа 34 театрын зохиол, 27 кино дэлгэцийн бүтээл туурвиснаас хамгийн нэрд гарсан, нэрийн хуудас болсон жүжгийн зохиол нь “Everybody loves Opal”.

“Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онд дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй. Дан ганц “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигдаж, хүн зоны сэтгэл, тархинд гэрэл түгээсэн байна. Одоо ч гэсэн гэрлээ түгээсэн хэвээр байгаа бөгөөд 2022 он гарсаар хоёр ч улсад амилжээ. Түүнчлэн энэхүү зохиол дэлгэцийн урлагт амилсан бөгөөд киночид дэлгэцийн бүтээл болгон үзэгчдэд хүргэж байв.

Ташрамд дуулгахад, “Опал” жүжиг "Хүн театр"-т тоглогдох юм байна.

 

 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement