Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн газраас Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар өнөөдөр /2022.11.02/ мэдээлэл хийлээ.

Энэ талаар зохион байгуулагчдын зүгээс "Анх энэ тэмцээнийг зохион байгуулахдаа хүүхдээр дамжуулан үе тэнгийнхэн болон ар гэрийнхнийг нь эрүүл ахуйн боловсролд сургах, ирээдүйн архаг хууч өвчингүй үеийг бий болгохыг зорьсон.  Шүд унадаг, эргээд ургадаг гэж эцэг, эхчүүд ярьдаг. Тиймээс шүд нь өвдсөн тохиолдолд эмчлүүлдэггүй. Гэтэл шүд маш олон халдвар дамжуулж байдаг. Үүнээс хамгаалах хамгийн амархан арга бол шүд угаалтын тэмцээн юм байна гэж бодож энэ уралдааныг эхлүүлсэн.

Хүүхдээр дамжуулан гэр бүлийг давхар зөв дадалд сургаж байна. Аав ээжийгээ та шүдээ угаа гэх шаардлага тавих зэргээр жишиг тогтсон. Тиймээс үүнийг нутагшуулах, зөвхөн оо, сойзоор амны хөндийгөө ариутгаад цэвэрлээд яваасай гэж хүсэж байна. Хүн 60 настайдаа 20 шүдтэй байхын тулд хүүхэд наснаас нь эхлээд шүдийг хамгаалах хэрэгтэй" гэв.

 

Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 онд анх Налайх дүүрэгт зохион байгуулж байжээ. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тэмцээнийг энэ сарын 4-нд Налайх дүүрэгт ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны хүүхдүүдийн дунд дахин зохион байгуулна. Тэмцээнд 30 багийн 240 хүүхэд оролцож, аваргаа тодруулах юм. Мөн 1-3 байр эзлүүлэхээс гадна багаа сайн бүрдүүлсэн багш болон сургуулийн эмч нарыг шалгаруулна.

Сонирхуулахад 2019 оны Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд 8 сургуулийн 23 багийн 184 хүүхэд оролцож, 109 дүгээр сургуулийн “Танан цагаан” баг 1-р байр эзэлж, Тайвань улсад болох “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагнуулж байв. Тухайн эрхийн бичиг нь тэмцээнд оролцох бүх зардлыг Тайваний тал хариуцсан байдаг. 

 

 

 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement