БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёоль нар Бали аралд болж байгаа "Хорийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэлэлцээ хийсэн тухай Ёнхап агентлаг уламжилсан байна. Хоёр орны удирдагчид мягмар гарагт Индонезийн арал дээр уулзсан нь сүүлийн гурван жил орчмын хугацаанд 2 улсын хувьд анхны биечилсэн дээд хэмжээний уулзалт боллоо.

Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон 25 минут үргэлжилсэн уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёоль, 2 улс хоорондоо нягт харилцаж, хамтран ажиллах нь хамтын ашиг сонирхолд нийцэж байгааг онцолсон байна. Мөн Ерөнхийлөгч Юн Сок Ёоль, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө төдийгүй уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч зэрэг дэлхийн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа цохон тэмдэглэжээ. БНСУ Хятад улстай цаашдын харилцаа холбоогоо бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргахаа илэрхийлсэн байна.

Мөн Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувьд Умард Солонгосын баллистик пуужин хөөргөх болон бусад өдөөн хатгалга явуулж байгаа асуудлыг шийдвэрлэхэд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж Өмнөд Солонгосын тал найдаж байгаагаа хэлжээ. Хятадын дарга Ши Жиньпин, Хятад, Өмнөд Солонгос бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалах, дэлхийн хөгжил цэцэглэлтийг ахиулахад чухал үүрэг хариуцлага хүлээж байгааг онцолсон байна. Мөн Хятад улс Өмнөд Солонгостой "хоёр орны харилцааг дэмжиж, бэхжүүлж, цаашид хөгжүүлэхэд" бэлэн байна гэж цохон тэмдэглэжээ. Ши Жиньпиний хувьд, Ерөнхийлөгч Юн Сок Ёолий Умард Солонгос Цөмийн зэвсгээс ангижрах нөхцөлд Умардад эдийн засгийн асар их тусламж үзүүлэх төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ, Хятад хоёр Солонгосын хойгийн асуудалд нэгдмэл сонирхолтой бөгөөд энх тайвныг хамгаалах хэрэгтэйг онцлоод, 2 Солонгосын хоорондын харилцааг идэвхтэй сайжруулна гэсэн байр суурьтай байгаагаа Ши Жиньпин хэлсэн байна.

 

 

 

Эх сурвалж: MNB 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement