Польшийн хил орчмын тосгонд өчигдөр орон нутгийн цагаар 15:40–д пуужин унаж, хоёр хүний аминд хүрсэн дэлбэрэлт болсон гэж Польшийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. ОХУ Украинд цэрэг дайны ажиллагаа явуулж эхлүүлснээс хойш Оросын зэвсэг НАТО-гийн гишүүн улсын нутагт туссан анхны тохиолдол байж болзошгүй нөхцөл үүссэнийг хэвлэлүүд мэдээлж байна. Польшийн эрх баригчид өчигдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө шуурхай хуралдуулсны дараа зэвсэгт хүчний зарим анги нэгтгэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлснээ зарлажээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден G7 болон НАТО-гийн удирдагчидтай "яаралтай" уулзалт зарлажээ. Үүний зэрэгцээ НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Польш дахь Украины хил орчимд болж байгаа үйл явдлыг хэлэлцэхээр эвслийн элч нарыг орой яаралтай хуралдуулахаар зарласан байна. Хэрэв НАТО-гийн аль ч гишүүн орон "нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдал" нь эрсдэлд орсон гэж үзвэл зөвлөлдөх уулзалтыг зарлаж болдог.

Польшийн засгийн газар АНУ-тай хамтран хэрэг явдлын талаар мөрдөн байцаалтын хамтарсан ажиллагаа явуулах болно гэж мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр Польшийн нутаг дэвсгэрт унасан пуужингийн цохилтод ямар ч хамааралгүй, мөн довтолгоонд ашигласан пуужин ч Оросын зэр зэвсэгтэй ямар ч холбоогүй, энэ бол Украины талын зохион байгуулсан өдөөн хатгалга гэж мэдэгдсэнийг Ассошэйтэд прэсс агентлаг мэдээлсэн байна. Украины гадаад хэргийн яам Оросын дээрх мэдэгдлийг няцаасан байна.

 

 

 

Эх сурвалж: Монголын мэдээ 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement