УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Төр,хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэнхуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2022 оны зургадугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн юм. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж, төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй байна. 

Дараа нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулав. Эдийн засгийн байнгын хороо 2022 оны зургадугаар сарын 07-ны өдрийн тогтоолоороо тус хуулийн төслүүдийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагаар ахлуулан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Ажлын хэсэг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Хууль тогтоомжийн тухай хуулийн нийтлэг шаардлагад нийцүүлэн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёог жигдэлж, төслүүдийг Байнгын хорооны хуралдаан болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд, дэд ажлын хэсэг, байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусгажээ. Ажлын хэсэг гурван удаа хуралдсан бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 48 санал, найруулгын шинжтэй 5 багц санал, хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 26 саналын томьёоллыг бэлтгэсэн гэв.

Төрийн захиргааны төв байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг багасгах, түншлэлийн төсөл хэрэгжүүлэх хугацааг тодорхой болгох чиглэлээр түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналд урьдчилсан үнэлгээг түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран хийхээр байсныг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бие даан хийхээр, урьдчилсан үнэлгээг 30 хоногийн дотор хийхээр, түншлэлийн төслийг урьдчилан зарлах хугацааг 12 сар хүртэл байхаар тус тус өөрчилжээ. Мөн түншлэлийн гэрээний төрөлд барих, түрээслэх, ашиглах, шилжүүлэх хэлбэрийг шинээр нэмж тусгасан байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуультай нийцүүлэх чиглэлээр хуулийн төсөл дэх газартай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэр зааж төсөлд тусгасан байсныг Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуультай нийцүүлсэн болохыг танилцуулгад дурдав. Аймаг, нийслэл түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг, нийслэл түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрхийг аймаг, нийслэлийн нэг жилд хийх түншлэлийн гэрээний нийт үнийн дүн нь тухайн аймаг, нийслэлийн жилийн төсвийн 10 хуваасны 1 хувиас хэтрэхгүй байхаар, Засгийн газар уг эрхийг олгох зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн үзэж, шинээр төсөлд тусгасан байна. Үүнтэй холбоотой харилцааг журмаар зохицуулахаар, уг журам, тус хуульд нийцүүлж холбогдох шаардлагыг хангасан байхаар нэмэх саналыг мөн ажлын хэсэг гаргасан болохыг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага үүссэн байна.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт, ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Энхбаяр, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Түншлэлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах ямар хөшүүрэг байгааг тодруулахад төслийн 2 дугаар зүйл дээр төрийн байгууллагуудын чиг үүргийг тун тодорхой заасан хэмээгээд ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт өгөв. Мөн төслийг хэрэгжүүлэх бэлтгэлийн хүрээнд төслийн боловсруулалт, эрсдэлийн үнэлгээг нягт хийж, төслийн үе шат бүрийн эдийн засгийн үр өгөөжийг судалж, урьдчилсан шинжилгээ, үнэлгээ хийсэн байх шаардлагыг хуульчлахаар тусгасан байгааг ажлын дэд хэсгээс танилцуулсан. Түншлэгч талуудын чиг үүргийн баталгаа буюу Засгийн газар үүргийн баталгаа гаргах, түүнчлэн төрөөс үзүүлэх дэмжлэгүүдийг тодорхой заасан аж. Төслийг боловсруулахдаа хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн саналыг авах хэлэлцүүлгүүдийг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж, саналуудыг авч төсөлд тусгаж  ажилласан болохыг мөн мэдээлсэн.

Байнгын хорооны хуралдаан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 5.1.3 дахь заалт, 8.3 дахь хэсэг, 9.1.1 дэх заалт, 9.3 дахь хэсэг, 11.3 дахь хэсэг, 19.2, 25.6.2.в дэд заалт, 33.9 дэх хэсэг, 34.5 дахь хэсэг, 57.3 дахь хэсгийг хасах зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн төслийн 5.1 дэх хэсэгт “5.1.32. “Засгийн газрын баталгаа” гэж түншлэлийн төслийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан Засгийн газрын хүлээсэн үүргийг.” гэж, 7 дугаар зүйлд “7.1.8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг, нийслэлд түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрхийг аймаг, нийслэлийн нэг жилд хийх түншлэлийн гэрээний нийт үнийн дүн нь тухайн аймаг, нийслэлийн жилийн төсвийн аравны нэгээс хэтрэхгүй байхаар олгох.” гэсэн агуулгатай 7.1.8 дахь заалт, “7.2.8. энэ хуулийн 7.1.8-д заасан эрхтэй холбогдох журам.” гэсэн агуулгатай 7.2.8 дахь заалт, “7.4. Энэ хуулийн 7.2.8-д заасан журам нь энэ хуульд нийцэж, холбогдох шаардлагыг хангасан байна.” гэсэн агуулгатай 7.4 дэх хэсгийг тус тус нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан.

Ийнхүү Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 48 санал, найруулгын шинжтэй 5 багц санал, хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 26 саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement