Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Дэлхийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Пунам Пиллай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэл, төслийн баримт бичгийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Монгол Улс тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжин ажиллаж буйд Дэлхийн банкны төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Дэлхийн банк нь Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах, авто замын түгжрэлийг шийдвэрлэх асуудалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа найдвартай түнш гэдгийг мөн онцоллоо. Түүнчлэн тэрбээр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулснаар дэд бүтэц, бизнесийн орчныг дэмжихээс гадна Туул голын усны сав газрыг сайжруулж, өмнө нь байсан арьс ширний үйлдвэрийн бүсийг нөхөн сэргээх, тус хэсгийн ажилчдын орон сууц, суурин газарт шаардлагатай бусад бүтээн байгуулалт дээр хамтран ажиллах саналыг дэмжин ажиллаж байгаад баяртай байна” хэмээв.

Дэлхийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Пунам Пиллай тус төсөлд Даян дэлхийн дэд бүтцийн сан /GIF/, Олон Улсын санхүүгийн корпорац /IFC/ зэрэг томоохон байгууллагууд хамтран ажиллах болсныг онцлоод нийслэлийн зүгээс ямар чиглэлд, хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Нийслэл Улаанбаатар хот нь дэвшилтэт технологи бүхий, импортыг орлох экспортын баримжаатай, дэлхийн жишигт хүрсэн хөнгөн үйлдвэрийн парк байгуулахыг зорьж буй. Ийм парк байгуулснаар дагуул хот хөгжих үндсэн дэд бүтэц тавигдаж, энэ хүрээнд хотын хүн амын хэт нягтрал багасаж, авто замын түгжрэл буурах, хөрс, усны бохирдол багасах өндөр ач холбогдолтой юм.

 

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement