НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас мэдээлснээр Украинд Оросын дайралтууд эхэлсэн цагаас Украины 6826 энгийн иргэн амь эрсэджээ.

Энэ тоо Украин дахь Оросын цэрэг дайны ажиллагаа эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарч байгаа юм байна.

Мөн хугацаанд 428 хүүхэд амь эрсэдсэн гэж тус газрын мэдээнд өгүүлжээ. Бүс нутгаар нь авч үзвэл, зүүн бүсийн Донецк, Луганск мужуудад 4036 энгийн иргэн, нийслэл Киев зэрэг Украины бусад бүсэд 2790 хүний амь эрсэдсэн байна.

Үүнээс гадна 10769 энгийн иргэн шархаджээ. Тэрчлэн Мариуполь зэрэг Оросын дайралтад илүү өртсөн газруудын мэдээлэл бүрэн гүйцэд гараагүй тул бодит тоо илүү өндөр гарна гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээнд мөн дурдсан байна.

Үүний зэрэгцээ "Би Би Си" агентлаг нээлттэй эх сурвалжуудад тулгуурлан Украинд амиа алдсан Оросын 10500 цэргийнхний нэрийг тогтоожээ. Цэрэг дайны ажиллагааны явцад амь эрсэдсэн Оросын цэргийнхний бодит тооноос энэ нь 40-60 хувиар доогуур байх үндэслэлтэй гэдгийг тус агентлаг мэдээлсэн байна.

Тиймээс хамгийн багаар бодоход, Украин дахь Оросын армийн хүн хүчний хохирол 21000-аас давсан байж болзошгүй байгаа юм байна. Мөн шархадсан, нас барсан, сураггүй алга болсон гэхчлэн цэргүүдийг оролцуулаад Оросын бие бүрэлдэхүүний нийт хохирол 95500-гаас давж болзошгүй гэдэг тоо баримтыг АНУ-ын Тэнгисийн цэргийн анализ судалгааны төвийн ажиглалтад тулгуурлан гаргажээ.  

 

Мэдээллийн эх сурвалж: Монголын мэдээ 

Холбоотой нийтлэл

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Таны нэр *

Advertisement